Монголын бизнесийн салбарт тэргүүлэгч “Шунхлай групп”, шилдэг татвар төлөгч АПУ ХК болон БНСУ-ын “GS Retail” компанитай хамтарсан компани байгуулах, олон улсын сүлжээ дэлгүүрийг эх орондоо нээж ажиллуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Онлайнаар явагдсан уг ёслолд “Шунхлай групп”-ийн Ерөнхийлөгч П.Батсайхан, АПУ ХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэбилэг, “Digital concept” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантиг, “GS Retail” компанийн дэд ерөнхийлөгч Хо Ён Сү, “GS Retail” компанийн Бизнес хөгжлийн газрын захирал Чо Ён Су болон бусад албаны хүмүүс оролцлоо. Гэрээний хүрээнд талууд “Digital concept” ХХК-ийг үүсгэн байгуулж буй бөгөөд тус компани нь “GS Retail” компанийн олон улсын сүлжээ дэлгүүр “GS25”-ийн албан ёсны мастер франчайз эрхийг авч Монголд үйл ажиллагаагаа явуулах юм. “GS Retail” нь БНСУ-д томоохонд тооцогдох “GS group”-ийн жижиглэн худалдаа, гоо сайхан, гэр ахуйн барааны үйлдвэрлэлийн салбар компани юм. “GS25” нь БНСУ-ын Стандартын холбооноос тогтоодог чанарын судалгаагаар үйлчлүүлэгчдэдээ ая тухтай үйлчлүүлэх орчин, үйлчилгээний чанар, сэтгэл ханамжийг хамгийн сайн хангасан хэмээн өөрийн салбартаа сүүлийн 8 жилийн турш тэргүүн байрт шалгарчээ.