GS25 АППЛИКЕЙШНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ БОЛОН НУУЦЛАЛЫН БОДЛОГО
УДИРТГАЛ
Энэхүү "Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлого" (цаашид "Нөхцөл" гэх)-ыг хүлээн зөвшөөрснөөр хэрэглэгч нь "Дижитал Концепт" ХХК (цаашид "Компани" гэх)-ийн эзэмшиж, удирдан ажиллуулж буй GS25 аппликейшн (цаашид "Аппликейшн" гэх)-ээр дамжуулан үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, урамшуулал, маркетингийн хөтөлбөр, цахим үйлчилгээ болон бусад холбогдох үйл ажиллагаанд оролцохтой холбоотой эрх, үүрэг, хариуцлага, хувийн мэдээлэл боловсруулах нөхцөл болон бусад зохицуулалтыг бүрэн ойлгож, сайн дурын үндсэн дээр хүлээн зөвшөөрсөнд тооцно.
Хэрэв хэрэглэгч энэхүү Нөхцөлийн аливаа заалтыг хүлээн зөвшөөрөхгүй бол Аппликейшнийг ашиглахгүй байхыг зөвлөж байна.
НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ
1.1. Зорилго
Энэхүү Нөхцөл нь Компани болон хэрэглэгчийн хооронд GS25 аппликейшнийг ашиглахтай холбоотойгоор үүсэх эрх, үүрэг, хариуцлага, хувийн мэдээлэл боловсруулах, хамгаалах болон бусад холбогдох харилцааг зохицуулахад оршино.
1.2. Нөхцөлийн хүчин төгөлдөр байдал
Хэрэглэгч Аппликейшнд бүртгүүлж, энэхүү Нөхцөлийг цахим хэлбэрээр зөвшөөрсөн өдрөөс эхлэн Нөхцөл хүчин төгөлдөр үйлчилнэ.
1.3. Нэр томьёоны тодорхойлолт
Энэхүү Нөхцөлд дараах нэр томьёог дараах утгаар ойлгоно:
"Компани" гэж "Дижитал Концепт" ХХК-ийг;
"Хэрэглэгч" гэж энэхүү Нөхцөлийг зөвшөөрч, Аппликейшнийг ашиглаж буй эрх бүхий хувь хүн болон хуулийн этгээдийн төлөөлөгчийг;
"Аппликейшн" гэж Компаниас эзэмшиж, хөгжүүлж, хэрэглэгчдэд ашиглуулах GS25 аппликейшн болон түүнтэй холбоотой цахим үйлчилгээ, функц, боломжуудыг;
"Үйлчилгээ" гэж Аппликейшнээр дамжуулан хэрэглэгчид үзүүлж буй бүтээгдэхүүн, үйлчилгээ, урамшуулал, хөтөлбөр болон бусад боломжийг тус тус ойлгоно.
ХОЁР. ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ
2.1. Үйлчилгээний хүрээ
Компани нь Аппликейшнээр дамжуулан дараах үйлчилгээ, боломжуудыг хэрэглэгчид санал болгож болно. Үүнд:
2.1.1. Шагнал, урамшуулал бүхий тоглоом, тэмцээн, маркетингийн идэвхжүүлэлтийн хөтөлбөрт оролцуулах;
2.1.2. Шагнал, урамшуулал бүхий судалгаа, санал асуулга зохион байгуулах;
2.1.3. Видео болон бусад дижитал контент үзүүлэх, түүнтэй холбоотой урамшууллын үйлчилгээ үзүүлэх;
2.1.4. Push notification, баннер, мессеж болон бусад сувгаар бүтээгдэхүүн, үйлчилгээ, урамшуулал, маркетингийн мэдээлэл хүргэх;
2.1.5. Цахим хэтэвч (Wallet), купон, ваучер болон бусад төлбөрийн хэрэгслээр дамжуулан бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авах боломж олгох;
2.1.6. Компаниас цаашид нэвтрүүлэх аливаа шинэ үйлчилгээ, бүтээгдэхүүн, хөтөлбөрийг ашиглуулах.
2.2. Хэрэглэгчийн баталгаа
Хэрэглэгч нь энэхүү Нөхцөлийг зөвшөөрснөөр дараах баталгааг гаргаж байна:
2.2.1. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу эрх зүйн бүрэн чадамжтай этгээд мөн;
2.2.2. Бүртгүүлсэн болон цаашид өгөх бүх мэдээлэл үнэн зөв, бүрэн бөгөөд шинэчлэгдсэн байх;
2.2.3. Аппликейшнээр дамжуулан хийх бүх үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд нийцсэн байх;
2.2.4. Өөрийн хэрэглэгчийн бүртгэл, нэвтрэх мэдээллийн аюулгүй байдлыг хангах үүргийг бүрэн хүлээх.
2.3. Байгууллагыг төлөөлөн ашиглах
Хэрэглэгч нь хуулийн этгээдийг төлөөлөн Аппликейшнийг ашиглаж байгаа тохиолдолд тухайн байгууллагын өмнөөс энэхүү Нөхцөлийг зөвшөөрөх бүрэн эрхтэй болохоо баталгаажуулна.
2.4. Нөхцөлд өөрчлөлт оруулах
Компани нь хууль тогтоомжийн өөрчлөлт, үйлчилгээний шаардлага, үйл ажиллагааны онцлогоос хамааран энэхүү Нөхцөлд нэмэлт, өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд тухайн өөрчлөлтийг Аппликейшн, push notification, цахим шуудан болон бусад тохиромжтой сувгаар хэрэглэгчид мэдэгдэнэ.
ГУРАВ. НУУЦЛАЛЫН БОДЛОГО
3.1. Хувийн мэдээлэл цуглуулах
Компани нь хэрэглэгчийг бүртгүүлэх, үйлчилгээ үзүүлэх, худалдан авалт хийх, урамшууллын хөтөлбөрт хамруулах зорилгоор дараах төрлийн мэдээллийг цуглуулж, боловсруулж болно:
3.1.1. Хэрэглэгчийн үндсэн мэдээлэл
Овог, нэр;
Утасны дугаар;
Цахим шуудангийн хаяг;
Төрсөн он, сар, өдөр;
Сошиал сүлжээний бүртгэлийн мэдээлэл.
3.1.2. Аппликейшний ашиглалтын мэдээлэл
Хайлтын түүх;
Хэрэглээний мэдээлэл;
Төхөөрөмжийн мэдээлэл;
Нэвтрэлтийн бүртгэл;
Байршлын мэдээлэл (хэрэглэгчийн зөвшөөрлийн үндсэн дээр).
3.1.3. Худалдан авалтын мэдээлэл
Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалтын мэдээлэл;
Төлбөрийн мэдээлэл;
Оноо, купон, ваучер ашиглалтын мэдээлэл;
Урамшууллын мэдээлэл.
3.1.4. Хэрэглэгчийн сайн дурын үндсэн дээр өгсөн бусад мэдээлэл
Судалгаа;
Санал хүсэлт;
Хэрэглэгчийн үйлчилгээтэй холбоотой хүсэлт;
Бусад мэдээлэл.
3.2. Хувийн мэдээлэл боловсруулах зорилго
Компани нь хэрэглэгчийн мэдээллийг дараах зорилгоор боловсруулна:
3.2.1. Үйлчилгээ үзүүлэх, захиалга боловсруулах, гүйцэтгэх;
3.2.2. Урамшуулал, хөнгөлөлт, бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл хүргэх;
3.2.3. Хэрэглэгчийн үйлчилгээний чанар, туршлагыг сайжруулах;
3.2.4. Судалгаа, статистик, аналитик боловсруулалт хийх;
3.2.5. Маркетинг, сурталчилгаа, хэрэглэгчийн зан төлөвийн шинжилгээ хийх;
3.2.6. Луйвар, залилан, хууль бус үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх;
3.2.7. Холбогдох хууль тогтоомжид заасан үүргийг хэрэгжүүлэх.
3.3. Хувийн мэдээллийг хамгаалах
Компани нь хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлал, бүрэн бүтэн байдал, хүртээмжийг хангах зорилгоор мэдээллийн аюулгүй байдлын зохистой техник, технологи, зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
3.4. Хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд дамжуулах
Компани нь дараах тохиолдлоос бусад нөхцөлд хэрэглэгчийн хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй, шилжүүлэхгүй, ашиглуулахгүй:
хэрэглэгчийн урьдчилсан зөвшөөрөл авсан;
Монгол Улсын хууль тогтоомжид заасан;
эрх бүхий байгууллагын хууль ёсны шаардлага гарсан;
үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай гэрээт хамтрагч байгууллагад хязгаарлагдмал хүрээнд шилжүүлэх.
3.5. Хэрэглэгчийн эрх
Хэрэглэгч нь дараах эрхийг эдэлнэ:
Өөрийн хувийн мэдээлэлтэй танилцах;
Мэдээллээ засварлах, шинэчлэх;
Мэдээлэл боловсруулах зөвшөөрлөө буцаан татах;
Хуульд заасан үндэслэлээр мэдээллээ устгуулах хүсэлт гаргах;
Санал, гомдол гаргах.
ДӨРӨВ. ХАРИУЦЛАГА
4.1. Хэрэглэгчийн хариуцлага
Хэрэглэгч нь:
өөрийн бүртгэлийн мэдээллийн нууцлалыг хадгалах;
Аппликейшнээр дамжуулан хийсэн бүх үйл ажиллагаандаа хариуцлага хүлээх;
холбогдох хууль тогтоомжийг мөрдөх үүрэгтэй.
4.2. Компанийн хариуцлагын хязгаарлалт
Компани нь дараах нөхцөлөөс үүдэн гарсан шууд болон шууд бус хохиролд хариуцлага хүлээхгүй:
Интернет болон холбооны сүлжээний саатал;
Гуравдагч этгээдийн системийн доголдол;
Техникийн саатал;
Давагдашгүй хүчин зүйл;
Хэрэглэгчийн буруутай үйл ажиллагаа.
4.3. Маргаан шийдвэрлэх
Энэхүү Нөхцөлтэй холбоотой аливаа маргааныг эхний ээлжид харилцан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэх бөгөөд зөвшилцөлд хүрээгүй тохиолдолд Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.
ТАВ. САНАЛ, ГОМДОЛ
Хэрэглэгч нь Аппликейшнтэй холбоотой санал, хүсэлт, гомдлоо дараах хаягаар гаргаж болно:
Байгууллага: Дижитал Концепт ХХК
Хаяг: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Чингисийн өргөн чөлөө, Стадион Оргил-1, Хаан цамхаг, 6 давхар
Утас: 7609-2525
Цахим шуудан: info@gs25.mn
Энэхүү Үйлчилгээний нөхцөл болон Нууцлалын бодлогыг хэрэглэгч цахим хэлбэрээр зөвшөөрснөөр хүчин төгөлдөр үйлчилнэ.
Та имэйл-ээ бүртгүүлэн шинэ ажлын байр, урамшуулал ба салбарын мэдээ мэдээлэл авна.